бид сармагчин байв уу эсвэл..........
2008 оны 09-р сарын 23, Нийтэлсэн UlziimaaБид сармагчингийн үр сад уу, бурханы бүтээл үү?2008 оны 7 сарын 9 Хүн төрөлхтөн эрт дээр үеэс өөрсдийн түүх, угсаа гарлаа сонирхон судалсаар иржээ. Мэдээж хэрэг бидний өвгийн өвөг анхны хүн хаана, хэдийд, ямар нөхцөлд үүсэн бий болсон бэ гэдэг хүн бүрийн сонирхлыг татдаг асуудал юм. Энэ нь археологи, антропологи, зоологийн шинжлэх ухаанд хэдийнэ шийдвэрлэгдсэн боловч ажиглаад байхад манайхан хүний үүсэл гарлын тухай ямар ч цэгцтэй ойлголтгүй байдаг. Энэ нь хүмүүсийг төөрөгдүүлсэн янз бүрийн явган яриа, үндэслэлгүй таамаглалууд олон байдагтай холбоотой юм. Ямар сайндаа л нэгэн дээд сургуулийн багш, төв Азид, тэр дундаа Монгол оронд, нарийндаа бол Орхоны хөндийд анхны хүн үүссэн гэж ярьж байхав дээ.
Хүний үүсэл гарлын тухай маш олон онол таамаглал байдаг бөгөөд тэдгээрийг шинж чанарын хувьд үндсэн хоёр бүлэгт хуваадаг нь а/ Бүтээлийн онол, б/ Хувьслын онол юм. Бүтээлийн онол гэдэгт хэн нэгэн эзэн бурхан юм уу, эсвэл харь гарагийнхан, ямар нэгэн далд хүчин зүйл хүн төрөлхтнийг бүтээсэн гэж үздэг бол хувьслын онол гэдэгт сармагчин юм уу, эсвэл үлэг гүрвэл хувьсан өөрчлөгдөж хөгжих явцад хүн үүсэн бий болсон хэмээх үзэл юм. Мэдээжээр энэ асуудал одоо нэгэнт шийдэгдсэн бөгөөд Английн судлаач Чарльз Дарвины үндэслэсэн хувьслын онолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Хүн хувьслын үйл явцад үүсэн бий болсон юм бол чухам юунаас үүссэн, нэг цэгт үүссэн үү, хоёр гурав, түүнээс олон цэгт үүссэн үү гэдэг асуудал бас байдаг.
Судлаачид эртний хүний хөгжил дэвшлийг үндсэн дөрвөн бүлэгт хуваан авч үздэг. Энэ нь:
Austrolopiticus буюу өмнөдийн сармагчингууд
Homohabiles буюу чадварлаг хүн
Homoerectus буюу цэх хүн
Homosapiens буюу ухаант хүн зэрэг юм.
Харин Архантроп, Сенантроп, Олдувей, Неандарталь зэрэг нь хүний хөгжлийн бүлэг биш аль нэг алдартай олдворын нэр юм. Эдний аль нь ч дээрх дөрвөн ангиллын нэгэнд нь багтана. Хүмүүс үүнийг хооронд нь хольж хутгах нь нэлээд түгээмэл байдаг. Уг нь Homoerectus-ыг босоо хүн гэж нэрлэдэг байсан боловч Люси, Летолли хэмээх Austrolopiticus-ын хоёр алдартай олдвор тэднийг босоогоор явж байсныг баталсан юм. Тиймээс Homoerectus-ыг цэх хүн хэмээн нэрийдэх болсон билээ.
Хүн төрөлхтний хамгийн балчир үе буюу хамгийн эртний хүний өвөг болох Austrolopiticus-ын үлдэгдэл өнөөг хүртэл зөвхөн Өмнөд болон Зүүн Өмнөд Африкаас л олддог ажээ. Харин Homohabiles-ын үлдэгдэл Төв Африк, Явын арлууд, Homoerectus-ын үлдэгдэл Африкийн бүх нутаг, Ази, Европоос олддог юм байна.
Зарим кинон дээр эртний хүмүүс үлэг гүрвэлүүдтэй тулалдаж буйгаар гардаг. Гэтэл үнэндээ хүн төрөлхтөн 5 сая орчим жилийн өмнө үүссэн бол харин үлэг гүрвэлүүд 65 сая жилийн өмнө мөхөж үгүй болсон шүү дээ. Харин хүн юунаас үүссэн бэ гэвэл олон сая жилийн өмнө өндөр хөгжилт бичин сармагчин, хүн хоёр нэг эхээс салбарласан гэж үзэх болсон байна. Austrolopiticus Өмнөд болон Зүүн Өмнөд Африкийн гол төлөв агуйгаас, хөдөлмөрийн багаж зэвсэггүй, зөвхөн гавлын ясны үлдэгдэл олдох нь элбэг байдаг байна. Энэ нь тэд багаж зэвсэггүй байсандаа бус, эртний хүний гол эрлэг болох арслангийн идэш болсонд байгаа юм. Арслан өвөг дээдсийг минь ангуучлан барьж үүрэндээ аваачиж иддэг байжээ.
Бидний өвөг эцэг, түүний эцэг, элэнц, хуланцыг мэдээж хүн гэнэ. Харин түүний өвөг гэж хөөсөөр өндөр хөгжилт бичийг хүртэл чухам аль үеэс хүн гэж нэрлэх вэ гэдэг ээдрээтэй асуудал гарч ирнэ. Өндөр хөгжилт бичин сармагчнаас бага багаар тасралтгүй хөгжин хүн болоход аав, хүү хоёрын чухам алийг нь сармагчин, алийг нь хүн гэх вэ? Энэ бол тун төвөгтэй боловч зайлшгүй тавигдах ёстой асуулт. Энэ асуултад хуучин: “Бичин хүн өөрийн хөдөлмөрийн багаж зэвсгээ бүтээдэг болсон чухам тэр цагаас түүнийг хүн гэж үзнэ” хэмээн хариулдаг байжээ. Гэтэл одоо ч гэсэн Африкийн өндөр хөгжилт бичнүүд голын хайргыг хугалан гарсан ир ирмэгээр нь наргил модны жимсийг хагалж иддэг байна. Тэгвэл сүүлийн үед “Хөдөлмөрийн багаж зэвсгээ зориуд ухамсарлаж системтэйгээр үйлдвэрлээд, түүнийгээ дахин дахин хэрэглэх болсон үеэс хүн гэж үзнэ” хэмээн хариулах болжээ.
Хүмүүс бид өөрсдийгөө өмөөрдөгтөө ч юм уу, адгуус амьтнаас хавьгүй дээр, бид бурхнаас заяасан гэж боддогтоо ч юм уу ямар ч байсан “сармагчингаас үүссэн” гэдгийг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг бололтой. Тиймээс шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй, бизнесийн зорилгоор ч юм уу, шашны мунхруулгаар, эсвэл бусдыг төөрөгдүүлэх зорилготой элдэв худал онол таамаглалын номонд мөнгөө гарздаж, янз бүрийн явган ярианд итгэсээр байна. Хэдий болтол бид “өндөр хөгжилт бичин сармагчин, хүн хоёр нэг эхээс салбарласан” гэдэг шинжлэх ухаанаар хөтөлбөргүй баталсан онолтой эвлэрэхгүй явах вэ.
1 сэтгэгдэл:
Sain bna uu? tanai xamt olond ene odriin mend...? Burxan delxii ertQntsiig anx bvteexdee Adam, Eva 2g bvteesen bid sarmagchingaas bish xarin Burxanii ontsgoi bvteelvvd shvv manaixaan... Jesus bol tsoriin gants Amid Burxan , tvvnii xair nigvvsel erQQl tanitai xamt vrgelj bx boltugai